Японы Токушима Их Дээд Сургуулийн элсэлтийн шалгалт Монголд анх удаа явагдаж өндөрлөлөө. Categories Мэдэгдэл Date 2024-09-23 Япон улсын шилдэг их сургуулиудын нэг болох Токушимагийн их сургуулийн элсэлтийн шалгалт 9-р сарын 17-ны өдөр Монголд анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү шалгалтад манай сургуулийн 4 шилдэг сурагч оролцсоноор Монгол Улс дахь анхны элсэлтийн шалгалтаа амжилттай дуусгалаа. Тус шалгалтыг Япон талаас хариуцан ажилласан Токушима их сургуулийн Олон улсын тэнхимийн гурван профессор багш нар, Монгол талаас Токушима их сургуулийг төгссөн АШИУС-ийн хоёр багш нар Монгени цогцолбор сургуулийн байранд хүрэлцэн ирж зохион байгуулсан юм. Энэхүү элсэлтийн шалгалтад тэнцсэн оюутан сурагч нар нь сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх ба 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн Токушима их сургуульд элсэн суралцах боломжтой билээ. Тус элсэлтийн шалгалтыг Токушима их сургууль, Монгени цогцолбор сургууль, ЖОТО сургалтын төв хамтран жил бүр зохион байгуулах юм. Иймээс Япон улсын их дээд сургуульд илүү олон шилдэг оюутан сурагч элсэн орох шинэ зам бий болж байгаад бид маш их баяртай байгаа бөгөөд үүний зэрэгцээ энэхүү элсэлтийн шалгалтыг зохион байгуулах үйл явцад сүүлийн таван жилийн хугацаанд чиглүүлсээр ирсэн Токушима их сургуулийн хамт олонд гүнээ талархаж байна.